Uncategorized

Хүүхдийн живхийг голын эхэнд, модны ёроолд хаях нь лусыг хилэгнүүлдэг

-ЖИВХ ХӨРСӨНД ШИНГЭХ ХУГАЦАА 400-450 ЖИЛ БАЙДАГ-Хүүхдийн хэрэглэсэн живхийг ээжүүд бид хогийн саванд хаяж чаддаггүй.
Хүүхэд төрөөд анх хэрэглэсэн живхээс нь эхлээд л тусгай уутанд бөөгнүүлж байгаад цэвэр газар хаядаг “уламжлалтай” болоод удаж байна. Гэвч энэ нь байгаль орчин хийгээд гэр бүлийнхэндээ хийж байгаа том хор, аюул гэдгийг тэр бүр ухаардаггүй. Бодсон ч хүүхдийн эдэлж хэрэглэсэн зүйл цэвэр байх ёстой гэдэг бодол дийлсээр байдаг.Өнөөдөр нийслэлийн эргэн тойронд. цаашлаад хөдөө орон нутагт хүний хөл хүрээгүй цэвэр байгальтай газар, модны ёроол, гол усны эх, сав газарт хэрэглэсэн живх шуудай, шуудайгаараа хаягдсан байдгийг бид олон удаа харсан. Байгаль орчин, хөрсний бохирдол талаас яривал энэ нь хамгийн хортой юм байна.
Д.БЯМБАДАШ: ХЭРЭГЛЭСЭН ЖИВХИЙГ БАЙГАЛЬД ХАЯХ БИШ ШАТААХ, ЭСВЭЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ


Учир нь живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг тухай Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Бямбадаш онцолж байна.
Тэрбээр энэ тухай “Мухар сүсгээс болж иргэд хүүхдийн хэрэглэсэн живхийг модны ёроол, голын эхэнд хаяад байдаг. Живхийг синтетик материалаар хийдэг. Энэ нь хуванцар савны материал гэсэн үг. Тэгэхээр хуванцар сав байгальд шингэх хугацаа асар урт. Хөрсөнд булагдаад 400-450 жилийн дараа шингэдэг гэж үздэг. Мэдээж хөрс, байгаль орчиндоо маш их хор хөнөөлтэй. Уг нь хэрэглэсэн живхийг дахин боловсруулах ёстой. Гэвч өнөөдөр манайд дахин боловсруулж байгаа газар тун ховор. Ядаж зориулалтын зууханд ч болов шатаах хэрэгтэй. Бас л манайд ийм технологи алга” гэж байв.нэг хүүхэд өөрөө бие засаж сурах хүртэл дунджаар 4,000 ширхэг живх хэрэглэдэгГанцхан живхийг хөрсөнд булахад л хүний амьдралын 5-8 үеийг өнгөрөөх хугацааны дараа шингэнэ гэдэг маш том асуудал. Гэтэл нэг хүүхэд өөрөө бие засаж сурах хүртэл дунджаар 4,000 ширхэг живх хэрэглэдэг. Европ тивийн нийт хог хаягдлын хоёр хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхэг живхийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.Тэгвэл Монголд ч ялгаагүй, ажил амьдралын хэв маягаас шалтгаалж ээжүүд хүүхдэдээ живх хэрэглүүлэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тэр хэрээр байгальд хог болж, хөрс, ус, агаар бохирдуулах байдал нь нэмэгдэж байгаа гэсэн үг.


П.ОЧИРПҮРЭВ: ИРГЭДИЙГ БУРУУТГАХААС ИЛҮҮ ЖИВХИЙГ ШАТААХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ САНАЛ БОЛГОХ НЬ ЗӨВ
Гадны улс орнуудад хэрэглэсэн живхийг өндөр температурт шатаах, эсвэл дахин боловсруулдаг юм байна.
Харин манайд энэ технологи хэр нэвтэрч байгаа талаар “Технологи бридж” ХХК- ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Очирпүрэвээс тодруулсан юм. Тус компанийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологийг импортолдог юм байна.
Тэрбээр “Байгальд ийм хог хаягдлыг хаяж байгаа иргэдийг буруутгахаас илүү дахин боловсруулах, байгальд ээлтэй шатаах технологи. үйлчилгээг санал болгох ёстой. Тэгвэл иргэд төлбөр төлөөд шатаалгах, дахин боловсруулахад хэрэглэсэн живхийг өгөх байх. Манайх энэ чиглэлийн технологийг импортолдог компани. Хувийн хэвшлүүд энэ технологийг ихээр сонирхдог ч бодит худалдан авалт тун бага. Тиймээс цаашид үүнийг нэвтрүүлэх шаардлагатай” хэмээв.


Мэргэжилтнүүдийн хэлснээр үнэхээр ч шатаах, дахин боловсруулах үйлдвэр байхгүйгээс хогийн цэг дээр хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хаячхаж зүрхлэхгүй байна. Гэвч цэвэр газар гээд байгальд, гол ус, модны ёроолд хаяж байгаа нь тийм ч зөв үйлдэл болж чадахгүй байгаа юм. Бүр тодруулбал, энэ нь шашин талаасаа лусыг хилэгнүүлсэн үйлдэл болдог ажээ.Ж.БАТБИЛЭГ: БАЙГАЛЬ БОХИРДУУЛЖ ЛУС ХИЛЭГНҮҮЛЭХЭД ҮЕ ДАМЖИН ХОРЛОЛД ӨРТӨХ АЮУЛТАЙ


Энэ тухай “Буян арвижих” хийдийн хамба лам Ж.Батбилэгтэй цөөн хором ярилцлаа.-Гол усанд сүү дусааж болохгүй, мод чулуу хамаагүй хөндөж болохгүй гэдэг. Хэрэв ингэвэл лус хилэгнэнэ гэж бидний ээж, аавууд зааж зөвлөдөг. Сүүлийн үед модны ёроол, голын эх, сав газарт хүүхдийн хэрэглэсэн живхийг ихээр хаядаг боллоо. Энэ үйлдэл ер нь зөв үү?-Үүнийг ярихын тулд лус гэж юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлаад өгье.


Аливаа юм бүхэн эзэнтэй гэж буддын шашинд үздэг. Уул ус, байгаль, амьтан бүгд эзэнтэй байдаг. Бидний нүдэнд харагдахгүйгээр тэднийг эрхшээж байдаг эзэн бол лус.
Хүн гэдэг амьтан аливаа зүйлийг харж, барьж, мэдэрч байж итгэх гээд байдаг. Хий хоосон зүйлд итгэдэггүй. Лус гэдэг бидний нүдэнд харагдахгүй орчинд байдаг. Вирус гэхэд л бидэнд харагддаггүй хэрнээ хүмүүсийг өвчлүүлээд байдаг. Түүнтэй адил лус бол харагдахгүй ертөнц мөртлөө нөлөөлж байдаг.
Буддын шашны үзэлд аливаа юмс шүтэн барилдлагатай, хоорондоо хамааралтай байж оршин тогтнодог. Тэгэхээр бид бүхэн байгальдаа хэдий чинээ хор учруулна төдий зовлон зүдгүүрийг амсана. Байгальд нэг памперс хаячхаад байгалиас сайхан зүйл авах гэж горьдоод хэрэггүй. Үйлийн үр ирнэ.
-Лусын хорлол гэж юу юм бэ?-Булаг шанд бохирдуулахад лус хилэгнэдэг.


Ингэснээр хорлол ирнэ гэдэг. Хамгийн наад зах нь биеэр идээ шарх гарах, бие хаа өвдөх, амьдрал ахуйд саад тотгор гарч ирэхээс эхэлдэг. Нутаг усанд ган гачиг болох, хүн, мал, амьтны өвчин гарах эрсдэлтэй. Цаашлаад үе удам дамжих ч аюултай. Энэ бол хамгийн ноцтой зүйл. Таны байгаль дэлхийдээ, гол усаа бохирдуулсан үйлээс болж үр хүүхэд тань зовно.Жишээ нь, Сэлэнгийн Тужийн нарсыг ярья л даа. Ерээд онд Тужийн нарсыг маш их устгасан даа. Тэр үед rap хөл оролцсон ченжүүд нэг хэсэг том том машин унаад л, хоёр давхар байшин бариулаад л их л сайхан байсан. Одоо бол тэр хүмүүсээс нэг нь ч сайхан амьдарч чадаагүй. Тахир дутуу болох нь болж, өвчин зовлон ээрч, өөд болсон нь ч байгаа. Сэлэнгийнхэн андахгүй. Лусын хорлол гэж тийм айхтар зүйл.


-Мод, гол ус бохирдуулах үйл том жижиг гэж байх уу?-Байгальд шуудай дүүрэн живх хаях, ганц ширхгийг хаях ямар ч ялгаагүй. Их бага хамаагүй бохирдуулж байгаа мөн чанар нь л аюултай. Орчин үед хүмүүс уламжлалт зан үйлээсээ маш их холдсон. Лус савдгаар дамжуулж ойлголт авахаа больё гэхэд ерөөсөө бид байгалиа хайрлах ёстой юм. Хүний амьдралын бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатай. Хүн төрөлхтөн бид цэнхэр дэлхийг хөлөглөөд сансар огторгуйд аялж яваа аялагчид. Хөлгөө хайрлахгүй, гамнахгүй бол хэр удаан орших вэ гэдгийг л бодох ёстой юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!