Uncategorized

​С.Хулангаа: Ингэний хоормог халааж уух нь дархлааг хамгийн сайн дэмждэг

Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, Монгол үндэсний шигшээ багийн хоол зүйч С.Хулангаатай хооллолтоор дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа.-Хүйтэн сэрүүний улиралд хооллолтоор дархлаагаа хэрхэн дэмжих вэ?-Улирал солигдоход бие махбод ихээхэн хямардаг. Намрын улирал шим тэжээлийг хангалттай авч,сайн бэлдсэн бол өвөлд дархлаа сайн байдаг.Өвөлд дархлаагаа дэмжье, ханиад хүрэхгүй байя гэвэл ингэний хоормог халааж уухыг санал болгож байна.Ингэний хоормог нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг.Уламжлалт анагаах ухаанд ингэний хоормогийг дотоод тамир дэмждэг гэж үздэг. Айраг уух улирал дууссан шүү дээ. Тэгэхээр айраг нөөцөлсөн бол айргаа халааж ууж болно. Нөөцлөөгүй бол одоо ингэний хоормог гардаг улирал учир халааж уувал эрүүл мэндэд тустай.Ялангуяа “Ковид 19”-ийн халдвар авч эдгэрээд биеийн дархлаа муу байгаа, дараах хам шинж илэрч байгаа бол хоормог уух нь зүйтэй. Хоормог нь ашигтай бактери агуулдаг учир хүний биед эерэгээр нөлөөлнө. Манай зарим эрдэмтэд гадаадын сургуулиудад доктор, магистрын судалгаа хийхдээ энэ талаар судалсан байдаг.Уух зүйлсээс гадна хооллолтын хувьд яривал хүн аль болох л олон төрлийн орцтой хоол идэх хэрэгтэй. Олон төрлийн хоол хүнс идэх тусмаа олон төрлийн шим тэжээл авч байгаа. Тэр нь эргээд бие махбодод шим тэжээлийн дутагдал үүсэхгүй байхад чухал нөлөөтэй. Ногоо иддэггүй хүмүүс бичил шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Жишээлбэл, ногоо идэхгүй байсаар хромын дутагдалд орж тэр нь цаашлаад сахарын дон үүсгэдэг. Олон төрлийн хоол хүнс хэрэглэнэ гэдэг нь бүх төрлийн ногоо, цагаан идээ, жимс, мах, гурил, будааг хэрэглэхийг хэлнэ. Ингэх тусам хоногт авах шим тэжээлээ авч чадна.Хэрвээ авч чадахгүй бол хүний бие бичил шим тэжээлийн дутагдалд орсноор ямар нэг өвчний эх үүсвэр болно. Жишээлбэл, цагаан идээ огт хэрэглэдэггүй мөртлөө хийжүүлсэн ундаа уугаад л байвал яс сийрэгжих эрсдэл өндөртэй байдаг.Мөн шар тостой арвайн гурил зуурч идсэнээр өдрийн турш энергиэр хангаж, өлсгөхгүй, ядраахгүй байлгах боломжтой. Түүнчлэн тос хольж идэж болно. Өвлийн улиралд хүний биеийн температурыг хэвийн байлгахын тулд тослог хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг.Харин махны хувьд халуун чанартай адуу, хонины мах идэх хэрэгтэй. Адууны махны тос нь зөөлөн бүтэцтэй учир өвлийн улиралд тохиромжтой. Гэхдээ сайн гээд л өглөө, оройгүй адууны мах идэх биш хонь, үхрийн махтай хавсарч хэрэглэхийг зөвлөж байна.-Өвлийн улиралд цагаан идээ хэрэглэснээр ашигтай бактери их хэмжээгээр авч дархлаанд сайнаар нөлөөлдөг гэж ойлгож болох уу?-Тийм. Ашигтай бактери бол зөвхөн цагаан идээнд л органикаар байгаа. Ялангуяа ингэний хоормогт хэдэн зуун тэрбумаараа бий. Ингэний хоормог зөвхөн өвөлд л гардаг учраас энэ завшааныг ашиглаад ашигтай бактериа нэмээд авах хэрэгтэй.Одоо бол заавал хөдөө явж хоормог авна гэхээс илүү үндэсний үйлдвэрлэлүүд амттай, чанартай, органик хоормог савлаад зардаг болсон.-Хоормогоо халааж уух, хүйтнээр нь уух ялгаатай байдаг уу?-Ялгаатай байна. Халааж ууснаар биед шимэгдэх нь илүү байдаг. Хүний бие хүйтэн зүйлийг боловсруулах, халуун зүйлийг боловсруулах нь харилцан адилгүй. Гэхдээ хоормогоо буцалгаж болохгүй. Хэтэрхий удаан буцалгаснаар амин дэм нь алдагдана. Бага зэрэг халаагаад уухад л болно.-Хооллолтоос гадна дархлаагаа хэрхэн дэмжих вэ?-Амьдралын хэв маягаа л зөв байлгах хэрэгтэй. Оройны 22.00 цагт гэрлээ унтраан унтсанаар тархины мелотонин дааврын ялгарлыг нэмэгдүүлнэ. Байгалийн цагийн хуваариар унтах нь дархлааны систем сайн байхад нөлөөлдөг. Тэгэхээр ажил, амралтаа зохицуулаад маш сайн унтаж амрах хэрэгтэй.Өвлийн улиралд хүүхдүүдийн дунд томуугийн халдвар их тархдаг, хүүхдүүдийн дархлаа сулардаг талтай. Тиймээс хүүхдүүдээ аль болох эрт унтуулах, унтахаас нь өмнө айраг, сүү зэрэг уламжлалт ундаа халааж өгснөөр дархлаа нь хүчирхэг байна.-Өвлийн улиралд иргэд нэмэлт витаминууд их хэрэглэдэг шүү дээ. Энэ зөв үү?-Хоол зүйчид нэмэлт витаминуудыг санал болгодоггүй. Аль болох хоол хүнсээрээ шим тэжээл авахыг зөвлөдөг. Хоол хүнсээрээ авч чадаагүй дутагдсан зүйлийг нэмэлт витаминаар авна гэж байхгүй. Гэхдээ өвлийн улиралд С витаминыг яалт ч үгүй уух хэрэгтэй. Яагаад гэвэл бид импортын ногоо, жимс хэрэглэдэг учир тээвэрлэлтийн явцад чанар нь бага зэрэг мууддаг. Дээрээс нь утаа, нарийн ширхэгтэй тоосонцор их байдаг учир С витамины дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс уухыг зөвлөдөг. Гэхдээ 4000 мг-тайг нь уувал илүүдэл болох учир 1000 мг-тайг уувал зохимжтой.-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Заавал өглөөний цайгаа ууж гарахыг зөвлөж байна. Өглөөд их яарч гардаг бол ганц ааруул ч болтугай хүлхээд гараарай гэмээр байна. Өглөөний цайгаа ууж байх нь дархлааг маш сайн дэмжиж өгнө. Яагаад гэвэл өглөөнөөс л бүх зүйл эхэлж байгаа. Ер нь өглөөний цай бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Дархлааны системийг тэнцвэртэй байлгана, цөсний өтгөрлийг бууруулна, ходоодны хүчиллэгийг бууруулна.Тэгэхээр өглөөний цайгаа заавал уугаарай гэж зөвлөе.-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!