Uncategorized

Эмүжин: Сумка, Оюука хоёр улсаа дуусгаад унгасаараа хооллох уу?

Эмүжин: Сумка, Оюука хоёр улсаа дуусгаад унгасаараа хооллох уу? …
Олны нүдэн дээр, олны татварын мөнгөн дээр овоохон томорсон бэтэг чинь энэ шүү дээ. Олон түмний нийгмийн даатгалын мөнгийг хувийн банкиндаа хуу хамж угаана, тэр өрөө дарах гэж Монголбанкийг хэтэвчээ болгоно. Ах дүүсээрээ нийлж ардын цирк хулгайлна. Уул уурхайн салбарыг алдалж хэвтэж байгаад нүүрс ч бөөрлөнө, зэс ч бүлдэгдэнэ. Бүхэл бүтэн дүүрэг сандайлж УИХ-д сонгогдчихоод “Би болилоо, бэлэн мөнгөтэй нийслэлд очлоо” гээд нүдээ анивчаад нүглээ имрээд хэвтчихнэ. Тэгэнгүүт нь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр “Хүүе тэгэлгүй яахав, хэтэвчинд чинь 420 тэрбумыг хийлээ шүү, хийгээ гоё гаргаарай” гээд тэвэрч үнсээд явуулчихна. Түүхэнд байгаагүй түшхэн шийдвэр гаргалаа гээд тэврэлдэж үнгэлдээд байсан яасан, бөглөрөл тагларал хоёр бүүр хэтийдсэн. Нөхөн сонгуулийг нь төрийн таван тэрбумаар тарвалзаж байгаад явуулна. Улаанбаатар сүүлийн арван жилд анх удаа зам дээр цацах зориулалтын давсгүй өвөлжиж байна. Хэдэн тоос сорогч нэг бүрийг нь 125 саяар оруулж ирснээ цас цэвэрлэнэ шдээ, сольдог хошуутай гээд солиоруулж өгнө. Хусдаг хутгадаг хошуу солиод хийсэн нь харагдахгүй л байна даг. Одоо нөгөө олны татварын мөнгөөр авчирсан автобуснууд нь аягүй бол аманд багтахгүй үнэтэй, араа нь солигддоггүй юм байж алах вий дээ. Бас болоогүй ээ, хэвлэлийн ажилдаа хэдэн тэрбумыг төсөвлөөд, өөрийг нь сурталчилдаг сэтгүүлч сэтэртнүүдийнхээ тоог нэг дахин өсгөөд данхайж авсан, данхраадаа сольсон. Нийслэлд шахаж шантаажилж байгаа бүхнээ өргөн олны татвараар биш, өөрийнхөө мөнгөөр оруулаад ирчихсэн юм шиг нүд чих угаах гэж ч тэр шүү дээ. Нүдэн дээр ийм үнэн нь барьцгүй, худал нь баараггүй хулгайч байж байхад л Оюун-Эрдэнэ гэж олгой гүзээ хоёроо ялгадаггүй нөхөр тооцоо бодно гэж байхгүй, Амарбаясгалан гэж ам ходоод хоёроо хольчихсон нөхөр шалгах хянах тухай ярихгүй, Нямбаатар гэж хууль худал хоёроо хутгаад явдаг нөхөр толгойг нь илээд, тойрч дэгдээд байна. Тэгэхээр юу гээч, өнөөдрийн засаглалыг толгойлж байгаа Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар, Сумъяабазар гэсэн энэ дөрвөн хүн засаг, нийслэл хоёрыг алдалж хэвтээд, төрийг тогоотой хоол, түмнийг халбага гэж эндүүрээд, зам заяагаа нэгтгээд, засаа залаа хоёроо ялгахгүй засаглаж байна даа. Сумъяабазарыгаа суга татаж буулгаад суга хэтэвч хоёрыг нь шалгаж чадахгүй байна гэхээр хэтэвч нэгтэй шинэ бүлэглэл, ширээ нэгтэй ширэн нүүртнүүд болжээ, хөөрхий. Улсаа дуусгачихаад унгасаараа хооллохоор л харагдаад байгаа юм даа, энэ хоёр маань.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!