ШАР СҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

ШАР СҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ:Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ. Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий. Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж шар сүүг нь шавхраадаг.
ХЭРЭГЛЭЭ:Аарц, ааруулын шар сүүг зутан болон бор хоолонд нэмж амт, үнэрийг нийлүүлэх уламжлал бий. Харин ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийх болон арвай, замбаа багсарч амтлахад хэрэглэнэ.Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг.Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Мөн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог.АЧ ХОЛБОГДОЛ:Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг.
Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ. Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон.Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.1. Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ.Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй.
Сүүлийн үед залуучууд газтай ундаа маш их хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо ч эрс нэмэгдэж байна. Тиймээс газтай ундаа хэрэглэхээс татгалзаж кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.2. Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.3. Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ.
Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, жаргалтай байх болно.4. Шар сүүний уураг нь булчингын массыг дэмжинэ.Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхитэй хийдэг фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна.
Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба биеийн арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.5. Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна.Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.Эх сурвaлж